"Эрдэнэс Оюу Толгой" компанийн гэрээнд долоон жил тутамд зээлийн хүүг авч хэлэлцэж байхаар заасан байдаг. Энэ хүрээнд тус компанийн гэрээтэй Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүд танилцсан юм.
Уг асуудлаар өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Батлан хамгаалахын сайд Д.Батлут "Эрдэнэс Оюутолгой" компаниас их хэмжээний мөнгө авсан талаар ярьсан нь олны анхаарлыг татсан билээ.
Сайд хэлсэн үгэндээ "Английн хөлбөмбөгийн багийн хувцас хэрэглэл авч өгнө гээд 23 тэрбум төгрөг гаргачихсан байх шиг ямар баян юм бэ. Монголын хөлбөмбөгийн баг ямар байгааг мэдэж байгаа юу" гэж онцолсон юм.
Тэгвэл сайдын онцолсон Английн хөлбөмбөгийн баг нь "Go Mongolia" төслийн хүрээнд хамтарсан Премьер лигийн баг болох "Fulham FC". Энэ төслөөр 2024-2025 оны улирлын бэлтгэлийн хувцас дээрээ таних тэмдэг байршуулах, тус багийн цэнгэлдэхэд "Go Mongolia" гэсэн бичиг байршуулах, хүүхдийн академид нь хүүхдүүд сонгон шалгаруулах зэрэг хөтөлбөр багтсан юм.
Улмаар Английн багийг төлөөлөн Австралийн шигшээ багийн хаалгач асан Марк Шварцер өнгөрсөн оны зургаадугаар сард Монголд ирж, сонгон шалгаруулалт зохион байгуулсан билээ.
Тэгвэл "Херо Энтертайнмент"-ын захирал Б.Баатар, Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал нарын хүү Б.Хабул Английн "Fulham FC" клубийн хүүхдийн академид суралцсан аж.
Б.Хабул 2008 онд төрсөн бөгөөд өдгөө мэргэжлийн гэрээ байгуулах насанд хүрсэн тул академийн тоглогч байхаа больсон. Өдгөө Монголын хөлбөмбөгийн "Сэлэнгэ Пресс Фалконс" багт данстай юм.
Саяхан клубийн зүгээс Б.Хабулыг Бразилын "Cruzeiro Esporte Clube" багийн 17 хүртлэх насны багт туршилтын хугацаанд тоглож байгааг мэдэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!