Thanks to visit codestin.com
Credit goes to ikon.mn

Уншиж байна ...

Чарльз сүүлийн 500 жилийн хугацаанд Ромын паптай цуг залбирал үйлдсэн Британийн анхны хаан болно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ирэх долоо хоногт Их Британийн хаан III Чарльз хатан Камиллагийн хамт дэлхийн католик шашны төв Ватиканд төрийн айлчлал хийхээр болжээ.

Энэ үеэр тэр Ромын пап Леогийн хамт Систиний цогчин дуганд залбирал үйлдэхээр болсон байна.

Британид 16 дугаар зуунд хэрэгжсэн шашны шинэчлэлээс хойш хаан, пап хоёр ийм арга хэмжээнд хамт оролцсон тохиолдол байхгүй тул энэ нь түүхэн үйл явдалд тооцогдож байгаа юм.

Уг түүхэн үйл явдлын үеэр Микеланжелогийн урласан дуганы дээвэр дор Ромын католик сүм хийд болон Английн сүм хийдийн санваартнууд, найрал дуучид цугларах ажээ.

Чарльз хаан Английн сүм хийдийн тэргүүнд тооцогддог.

зураг
 

Өмнөх пап Францисын эрүүл мэнд муудсантай холбоотойгоор Британийн хааны төрийн айлчлалыг Ватикан хойшлуулаад байсан юм.

Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хаан, хатан хоёр гэрлэснийхээ 20 жилийн ойг тохиолдуулан Италид айлчлахдаа пап Францис агсантай сүүлчийн удаа уулзаж байжээ.

Арван зургаадугаар зуунд Британийн хаан Хенри VIII шашны шинэчлэл нэвтрүүлж, улс орноо Ромын папын харьяаллаас салгаж байлаа.

Тэр үеэс хойш Британи улс загалмайтны шашны өөрийн урсгал номлолыг дагах болсон юм.

“Католик сүм хийд бол дэлхийн хамгийн том шашны хамгийн том урсгал юм. Тиймээс хаан, хатан хоёрын айлчлал нь энэхүү чухал, нөлөө бүхий түнштэй Их Британийн харилцааг бэхжүүлэхэд чиглэх болно” гэж Британийн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC